Хүн ам, орон сууцны улсын тооллого


ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ УЛСЫН ТООЛЛОГЫН ТУХАЙ

 

МОНГОЛ  УЛСЫН  ХУУЛЬ
2008 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр                                                                    Төрийн ордон, Улаанбаатар хот

 

ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ

 

 УЛСЫН ТООЛЛОГЫН ТУХАЙ

 

 


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын хүн ам, орон сууцны улсын ээлжит болон завсрын тооллого зохион байгуулж явуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Хэвлэх
 

2 дугаар зүйл. Хүн ам, орон сууцны улсын тооллогын     тухай хууль тогтоомж

2.1.Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль[1], Статистикийн тухай хууль[2], Архивын тухай хууль[3], Байгууллагын нууцын тухай хууль[4], Хувь хүний нууцын тухай хууль[5] болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад  актаас бүрдэнэ.

Хэвлэх
 

3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёо

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

 

3.1.1.“хүн ам, орон сууцны улсын тооллого” /цаашид “тооллого” гэх/ гэж энэ хуульд заасан тооллогын хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр оршин сууж байгаа нийт хүн ам буюу тооллогод хамрагдах нутаг дэвсгэр дэх хүн амыг хамруулан хүн ам зүй, нийгэм, эдийн засгийн хүрээний мэдээллийг цуглуулах, боловсруулах, нэгтгэх, дүн шинжилгээ хийх, тооллогын үр дүнг тараах цогц үйл ажиллагааг;

 

 

3.1.2.“тооллогын тов” гэж тооллого явуулах хугацааны эхний өдөрт шилжих шөнийн 00 цагийг;

 

 

3.1.3.“тооллогын нэгж” гэж хувь хүн, түүний амьдарч байгаа байр, орон сууцыг;

 

 

3.1.4.“тооллогын ажилтан” гэж энэ хуулийн 13.5.2-т заасан тооллогын комиссын гишүүн, тэдгээрт гэрээгээр ажиллаж байгаа түр ажилтныг.

 

Хэвлэх
 

4 дүгээр зүйл. Тооллого зохион байгуулж явуулах арга

4.1.Тооллого зохион байгуулж явуулахад дараахь аргыг ашиглана:

 

4.1.1.тооллогын хугацаанд хүн амыг нэг бүрчлэн тоолох уламжлалт арга;

 

 

4.1.2.хүн амын регистрийн бүртгэлд суурилсан бүртгэлийн арга;

 

 

4.1.3.түүвэр судалгааны арга.

 

Хэвлэх
 

5 дугаар зүйл. Тооллого явуулах зарчим

5.1.Тооллогыг дараахь зарчмаар  явуулна:

 

5.1.1.хүн бүрийг нэг бүрчлэн тоолох;

 

 

5.1.2.тооллогын хугацаанд тооллогод хамрагдах нутаг дэвсгэрт нэгэн зэрэг тоолох;

 

 

5.1.3.тооллогын мэдээлэл нийтлэг, иж бүрэн байх;

 

 

5.1.4.тооллогыг тогтмол, давтамжтай явуулах.

 

Хэвлэх
 

 


ХОЁРДУГААР БҮЛЭГ
Тооллого зохион байгуулж явуулах

эдийн засгийн баталгаа

6 дугаар зүйл. Тооллого зохион байгуулж явуулахад                           гарах зардал, түүний санхүүжилт

6.1.Тооллого зохион байгуулж явуулахтай холбогдсон дор дурдсан зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ:

 

6.1.1.ажилгүй болон тэтгэвэрт байгаа хүнийг статистикийн асуудал эрхэлсэн төв байгууллагад тооллогын ажилтнаар ажиллуулсан хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож олгох  цалин хөлс;  

 

 

6.1.2.энэ хуулийн 6.1.1-д заасан тооллогын ажилтныг сургах сургалтын болон тооллогын талаар олон нийтэд хүргэх мэдээлэл, сурталчилгааны зардал;

 

 

6.1.3.тооллогын ажилтны үнэмлэх, тооллого явуулах журам, тооллогын асуулгын хуудас, асуулгын хуудсыг бөглөх заавар, тооллогын дүн, мэдээний маягт зэргийг хэвлэх, тэдгээрийг тооллогын комисст хүргэх, тооллогын асуулгын хуудсыг татаж авах  зардал;

 

 

6.1.4.тооллогын байгууллагын бичиг хэрэг, шуудан, холбоо, унаа, албан томилолтын зардал;

 

 

6.1.5.Улсын Их Хурлаас тогтоосон бусад зардал.

 

 

6.2.Энэ хуулийн 6.1-д заасан улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг Улсын Их Хурал тухай бүр тогтооно.

 

 

6.3.Тооллого зохион байгуулж явуулахтай холбогдсон дор дурдсан зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ:

 

 

6.3.1.ажилгүй болон тэтгэвэрт байгаа хүнийг тооллогын ажилтнаар ажиллуулсан хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож олгох  цалин хөлс;  

 

 

6.3.2.энэ хуулийн 6.3.1-д заасан тооллогын ажилтнуудыг сургах  сургалтын болон тооллогын талаар нутаг дэвсгэрийн оршин суугчдад хүргэх мэдээлэл, суртачилгааны зардал;

 

 

6.3.3.тооллогын хугацаанд тооллогын ажилтнуудад өгөх хоолны мөнгө;

 

 

6.3.4.хууль тогтоомжид заасан бусад зардал.

 

 

6.4.Энэ хуулийн 6.3 дахь хэсэгт заасан орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухай бүр тогтооно.

 

 

6.5.Тооллого зохион байгуулж явуулах    комиссын  ажиллах байр, тээвэр, холбооны болон бусад шаардлагатай хэрэгслээр хангах асуудлыг тухайн шатны засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн Засаг дарга, холбогдох төрийн захиргааны төв байгууллага хариуцна.

 

 

6.6.Энэ хуулийн 6.1.1, 6.3.1-д зааснаас бусад хүнд тооллогын ажилтнаар ажилласан хугацааны цалинг сарын дундаж цалингийн нь хэмжээгээр тооцож  тухайн хүний ажилладаг байгууллага, аж ахуйн нэгж нь олгоно.

 

Хэвлэх
 

 


ГУРАВДУГААР БҮЛЭГ
Тооллогын төрөл, хугацаа, хамрах хүрээ  

7 дугаар зүйл. Тооллогын төрөл

7.1.Тооллого нь дараахь төрөлтэй байна:

 

7.1.1.10 жил тутамд улс орон даяар явуулах ээлжит тооллого;

 

 

7.1.2.ээлжит тооллого хооронд  5 жил тутамд явуулах завсрын тооллого.

 

Хэвлэх
 

8 дугаар зүйл. Ээлжит тооллогын хугацаа, хамрах хүрээ

8.1.Ээлжит тооллогыг 2010 оноос эхлэн 10 жил тутамд нэг удаа улсын хэмжээнд явуулна.

 

8.2.Тооллогын товыг ээлжит тооллого явуулах хугацаанаас хоёроос доошгүй жилийн өмнө Улсын Их Хурал зарлана.

 

 

8.3.Ээлжит тооллогын хүн, ам орон сууцыг тоолох ажиллагааг товлосон өдрөөс эхлэн долоо хоногт багтаан явуулна.

 

 

8.4.Улсын нийт нутаг дэвсгэр буюу зарим хэсгийг нь хамарсан байгалийн гамшиг, гоц халдварт өвчин, гэнэтийн бусад аюул тохиолдсон, дайны болон нийтийн эмх замбараагүй байдал үүссэн зэрэг онцгой нөхцөлийн улмаас тооллогыг хугацаанд нь явуулах боломжгүй болсон бол энэхүү онцгой нөхцөл арилмагц тооллогын Улсын комиссын саналыг үндэслэн, Улсын Их Хурал тооллогын товыг өөрчлөн тогтоож, энэхүү тогтоосон хугацаанд явуулна.

 

Хэвлэх
 

9 дүгээр зүйл. Завсрын тооллогын хугацаа, хамрах хүрээ

9.1.Завсрын тооллогын тов, үргэлжлэх хугацаа, хамрах хүрээг Yндэсний статистикийн хороо тухай бүр тогтооно.

 

9.2.Завсрын тооллого нь ээлжит тооллогын мэдээллийг тодотгох, шинэчлэн өргөжүүлэх зорилготой хүн ам зүй, эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн дэлгэрэнгүй судалгаа хэлбэртэй байна.

 

Хэвлэх
 

10 дугаар зүйл. Тооллогын нэгж

10.1.Хүн амын тооллогод дараахь хувь хүнийг хамруулна:

 

10.1.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа Монгол Улсын иргэн;

 

 

10.1.2.Монгол Улсын нутаг дэвсгэрт 183 хоногоос дээш хугацаатай оршин сууж байгаа болон оршин суухаар эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсан гадаадын харьяат иргэн, харьяалалгүй хүн;

 

 

10.1.3.гадаадад оршин суугаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагад ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, түүний гэр бүл;

 

 

10.1.4.гадаадад ажиллаж, суралцаж байгаа болон хувийн хэргээр оршин суугаа Монгол Улсын иргэн.

 

 

10.2.Орон сууцны тооллогод дараахь байр, орон сууцыг хамруулна:

 

 

10.2.1.сууцны тусдаа байшин;

 

 

10.2.2.нийтийн зориулалттай орон сууцны барилгын доторх сууц;

 

 

10.2.3.бүх төрлийн гэр;

 

 

10.2.4.нийтийн байр;

 

 

10.2.5.сууцны бус зориулалттай бусад байр, талбай.

 

Хэвлэх
 

11 дүгээр зүйл. Тооллогын мэдээллийн үзүүлэлт

11.1.Тооллогын мэдээлэлд дараахь үндсэн үзүүлэлтүүд хамаарна:

 

11.1.1.хүн ам зүй, нийгмийн үзүүлэлт:

 

а/ овог, эцэг/эх/-ийн нэр, нэр;

б/ төрсөн он, сар, өдөр;

в/ нас, хүйс;

г/ яс үндэс;

д/ иргэний харьяалал;

е/ боловсрол, бичиг үсгийн мэдлэг;

ё/ шашин шүтлэг;

 

11.1.2.газар зүй, шилжих хөдөлгөөний үзүүлэлт:

 

а/ төрсөн газар;

б/ байнга болон тооллогын үед  оршин суугаа газар;

в/ тухайн газарт оршин суугаа хугацаа;

г/ тооллогоос 5 жилийн өмнө оршин сууж байсан газар; 

 

11.1.3.эдийн засгийн үзүүлэлт:

 

а/ ажил эрхлэлтийн байдал;

б/ эрхэлдэг ажил;

в/ эрхэлдэг аж ахуйн үйл ажиллагааны үндсэн чиглэл;

г/ ажилгүйдэл, түүний шалтгаан;

 

11.1.4.орон сууцны нөхцөлийн үзүүлэлт:

 

а/ сууцны төрөл,  өмчлөл;

б/ өрөөний тоо, сууцны талбай;

в/ гал тогооны өрөө;

г/ усан хангамж, онгоц, шүршүүрийн өрөө;

д/ хог зайлуулалт, бие засах газар;

е/ цахилгаан, дулаан, харилцаа холбооны хангамж.

 

11.2.Энэ хуулийн 11.1-д зааснаас бусад хүн ам зүй, шилжих хөдөлгөөн, нийгэм, эдийн засгийн болон орон сууцны нөхцөлийн судалгаанд шаардагдах нэмэлт үзүүлэлтийг тухайн үеийн нөхцөл байдлыг харгалзан Үндэсний статистикийн хороо тооллогын мэдээлэлд нэмж тусгаж болно.

 

Хэвлэх
 

 


ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Тооллогын зохион байгуулалт

12 дугаар зүйл. Тооллого зохион байгуулж явуулах байгууллага

12.1.Yндэсний статистикийн хороо бүтэцдээ тооллогын асуудал дагнан хариуцсан, байнгын ажиллагаатай, мэргэжлийн нэгжтэй байна.

 

12.2. Yндэсний статистикийн хорооны энэ зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан нэгж нь тооллогын болон тооллого хоорондын судалгааны мэдээлэлд дүн шинжилгээ хийх, гүнзгийрүүлсэн судалгаа, тооцоо хийх, мэдээллийг нийтэд мэдээлэх өсөн нэмэгдэж байгаа мэдээллийн хэрэгцээ, шаардлага болон үндэсний хөгжлийн зорилтуудын хэрэгжилтэд мониторинг хийх, хүн ам болон эдийн засаг, нийгмийн хөгжлийн хамаарлыг судлах чиг үүрэгтэй байна.

 

Хэвлэх
 

13 дугаар зүйл. Ээлжит тооллого зохион байгуулж                            явуулах байгууллага, түүний эрх хэмжээ

13.1.Ээлжит тооллогыг тооллогын улсын комисс /цаашид “Улсын комисс” гэх/ Yндэсний статистикийн хороо, энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан байгууллагын оролцоотойгоор зохион байгуулж явуулна.

 

13.2.Улсын Их Хурал ээлжит тооллого явуулах хугацаанаас хоёроос доошгүй жилийн өмнө Улсын комиссыг Үндэсний статистикийн хорооны санал болгосноор  дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулна.  

 

 

13.3.Тооллогын дүнг Улсын Их Хуралд танилцуулснаар Улсын комисс татан буугдсанд тооцно.

 

 

13.4.Энэ хуулийн 13.2-т заасан Улсын комиссын нарийн бичгийн дарга нь дараахь шаардлагыг хангасан  байна:

 

 

13.4.1.төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан;

 

 

13.4.2.гадаад хэлний зохих мэдлэгтэй;

 

 

13.4.3.эдийн засгийн дээд боловсролтой;

 

 

13.4.4.Монгол Улсын иргэн.   

 

 

13.5.Улсын комисс нь дараахь бүрэн эрхтэй:

 

 

13.5.1.тооллого зохион байгуулж явуулах аргыг сонгож, тооллогыг төлөвлөгөөний дагуу хугацаанд нь, үр дүнтэй зохион байгуулах;

 

 

13.5.2.аймаг, нийслэл, сум, дүүрэгт болон холбогдох төрийн захиргааны төв  байгууллагад тооллогыг зохион байгуулж явуулах чиг үүрэгтэй комисс  /цаашид “тооллогын комисс” гэх/-ыг  байгуулж ажиллуулах;

 

 

13.5.3.тооллогын комиссын ажиллах журмыг батлах;

 

 

13.5.4.тооллогын тухай хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгаж, хэрэгжилтийг хангах;

 

 

13.5.5.тооллого зохион байгуулж явуулах асуудлаар засаг захиргааны нэгж дэх төрийн зохих шатны байгууллагын үйл ажиллагааг зохицуулах;

 

 

13.5.6.шаардлагатай гэж үзвэл тооллого зохион байгуулж явуулахтай холбогдсон асуудлаар тооллогын комиссын мэдээлэл сонсох, тооллоготой холбоотой аливаа асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх, холбогдох арга хэмжээ авах;

 

 

13.5.7.тооллогын бэлтгэл ажлын хүрээнд болон тооллогын явцад тооллогын комисст нэгдсэн удирдамж, чиглэл өгөх;

 

 

13.5.8.тооллогын дүнг хэлэлцэж баталгаажуулан, Улсын Их Хуралд танилцуулах;

 

 

13.5.9.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

 

 

13.6.Yндэсний статистикийн хороо нь ээлжит тооллогын үед Улсын комисст мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх чиг үүрэгтэй бөгөөд дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

 

 

13.6.1.тооллогыг улсын хэмжээнд нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж явуулах; 

 

 

13.6.2.Улсын комисс, түүний гишүүдэд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, туслалцаа үзүүлэх;

 

 

13.6.3.Улсын комиссын шийдвэрийн төсөл боловсруулж  хэлэлцүүлэх;

 

 

13.6.4.Улсын комиссын хуралдааны бэлтгэл хангах, хуралдааны тэмдэглэл хөтлөх, гаргасан шийдвэрийг хэлбэржүүлэх, нийтлэх, мэдээлэх;

 

 

13.6.5.тооллогын асуулгын хуудас, тооллогын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх аргачилсан заавар, зөвлөмж батлах, асуулгын хуудсыг хэвлүүлэх, хуваарилах;

 

 

13.6.6.тооллогын дүнг нэгтгэж, Улсын комисст оруулах;

 

 

13.6.7.тооллогын мэдээллийг боловсруулах, дүн шинжилгээ хийх, үр дүнг хэрэглэгчдэд мэдээлэх;

 

 

13.6.8.шаардлагатай сургалт, сурталчилгаа явуулах;

 

 

13.6.9.хууль тогтоомжид заасан болон Улсын комиссоос үүрэг болгосон  бусад  чиг  үүрэг.

 

 

13.7.Тооллогын комисс нь энэ хуулийн 13.5.2-т заасны дагуу байгуулагдах бөгөөд дараахь үүрэгтэй:

 

 

13.7.1.тооллогоор хүн ам, орон сууцны талаархи мэдээллийг зохих журмын дагуу тухайн нутаг дэвсгэртээ цуглуулах ажлыг зохион байгуулах;

 

 

13.7.2.тооллогын ажилтныг гэрээгээр авч ажиллуулах, шаардлагатай сургалт явуулах, ажлын нь үр дүнг тооцох;

 

 

13.7.3.Улсын комисс болон Yндэсний статистикийн хорооноос өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх;

 

 

13.7.4.тооллогын мэдээллийн үзүүлэлтийг нэгтгэж, дээд шатны байгууллагад хүргэх;

 

 

13.7.5.бусад үүрэг .

 

Хэвлэх
 

14 дүгээр зүйл. Завсрын тооллого зохион байгуулж                            явуулах байгууллага, түүний эрх хэмжээ

14.1.Завсрын тооллогыг Yндэсний статистикийн хороо зохион байгуулж явуулна.

 

14.2.Yндэсний статистикийн хороо нь завсрын тооллого явуулах талаар   дараахь бүрэн эрхтэй:

 

 

14.2.1.тооллого зохион байгуулж явуулахтай холбоотой нэгдсэн удирдамж, чиглэлийг холбогдох байгууллага, комисст өгөх;

 

 

14.2.2.энэ хуулийн 13.5.1, 13.5.4-13.5.6, 13.6.1, 13.6.5, 13.6.7, 13.6.8-д заасан бүрэн эрх;

 

 

14.2.3.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

 

     

Хэвлэх
 

 


ТАВДУГААР БҮЛЭГ
Тооллого зохион байгуулж явуулахад төрийн болон

орон нутгийн байгууллага, иргэдийн оролцоо

15 дугаар зүйл. Тооллого зохион байгуулж явуулахад төрийн                            захиргааны төв байгууллагын эрх хэмжээ

15.1.Дараахь төрийн захиргааны төв байгууллага тооллого зохион байгуулж явуулахад дор дурдсан үүрэгтэй оролцоно:

 

15.1.1.гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь гадаадад түр болон байнга оршин суугаа Монгол Улсын иргэдийн тооллогыг зохион байгуулж  явуулах;

 

 

15.1.2.хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь хилийн болон дотоодын цэргийн албан хаагчид, хоригдож буй сэжигтэн, яллагдагчийн тооллогыг зохион байгуулж  явуулах болон тооллогын явц дахь аюулгүй байдлыг хангах;

 

 

15.1.3.батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь хугацаат болон гэрээт цэргийн албан хаагчдын тооллогыг  зохион байгуулах.

 

 

15.2.Энэ хуулийн 15.1-д зааснаас бусад төрийн захиргааны төв байгуулллага нь өөрийн салбарын үйл ажиллагаанд хамрагдах асуудлаар Улсын комиссоос гаргасан удирдамж, чиглэлийн дагуу тооллогыг зохион байгуулж явуулахад оролцох үүрэгтэй.

 

Хэвлэх
 

16 дугаар зүйл. Тооллого зохион байгуулж явуулахад нутгийн өөрөө удирдах  байгууллагын эрх, үүрэг

16.1.Тооллого зохион байгуулж явуулахад бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дор дурдсан эрх, үүрэгтэй:

 

16.1.1.энэ хуулийн 6.3-т заасан зардлыг төсөвт тусгах;

 

 

16.1.2.энэ хуулийн 16.2-т заасан асуудлаар тухайн шатны Засаг даргын, тооллого явуулахтай холбогдсон асуудлаар харьяа тооллогын комиссын мэдээллийг сонсож, тулгамдсан асуудлыг өөрийн эрх хэмжээний хүрээнд  шийдвэрлэх;

 

 

16.1.3.орон нутагт тооллого зохион байгуулж явуулахтай холбоотой бусад асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх. 

 

 

16.2.Тооллого зохион байгуулж явуулахад бүх шатны засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн Засаг дарга дор дурдсан үүрэгтэй оролцоно:

 

 

16.2.1.нутаг дэвсгэртээ тооллого явуулах бэлтгэл ажлыг хангах;

 

 

16.2.2.тооллого явуулахын өмнө хүн ам, өрхийн бүртгэлийн хөдөлгөөнийг бүрэн хийж, мэдээллийн санг бэлтгэх;

 

 

16.2.3.тооллогын асуудлаар Улсын комисс болон Үндэсний статистикийн хорооноос өгсөн удирдамж, чиглэлийн дагуу тооллогын ажлыг нутаг дэвсгэртээ зохион байгуулах;

 

 

16.2.4.тооллого явуулахтай холбогдуулан харъяа нутаг дэвсгэрийн гудамж, талбайн нэр, байр, орон сууцны хаягжилт, дугаарлалтыг цэгцлэх, тооллого явуулах нутаг дэвсгэрийн хил заагийг тогтоон, зураглал гаргах;

 

 

16.2.5.тооллогын комиссыг ажиллах болон тооллогын материалыг хадгалах байр, тавилга, шаардлагатай бусад тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангах;

 

 

16.2.6.хууль тогтоомжид заасан бусад үүрэг.

 

Хэвлэх
 

17 дугаар зүйл. Тооллого зохион байгуулж явуулахад            иргэдийн хүлээх үүрэг

17.1.Тооллогод иргэд дор дурдсан үүрэгтэй оролцоно:

 

17.1.1.тооллогын асуулгад үнэн зөв, бүрэн хариулт өгөх;

 

 

17.1.2.тооллогын ажилтныг байр, орон сууцандаа нэвтрүүлэх;

 

 

17.1.3.тооллогод хамрагдсан тухай баримт бичиг тооллогын ажилтнаас авах.

 

ЗУРГАДУГААР БYЛЭГ

Бусад зүйл

Хэвлэх
 

18 дугаар зүйл. Тооллогын мэдээллийн нууцлал,                                        хадгалалт, хамгаалалт

                           

 

18.1.Тооллогын мэдээлэл хуульд заасны дагуу хувь хүний нууцад хамаарах бөгөөд мэдээллийн нууцлалыг дор дурдсан хугацаанд задруулахыг хориглоно:

 

 

18.1.1.тооллогын ажилтан уг албан үүргээс чөлөөлөгдөх хүртэл;

 

 

18.1.2.тооллогын ажилтны албан үүргээс чөлөөлөгдсөн хувь хүн чөлөөлөгдсөнөөс хойш Архивын тухай хуулийн 25.8-д зааснаар уг мэдээллийг нийтэд ашиглуулахыг зөвшөөрөх хүртэл.

 

 

18.2.Тооллогын мэдээллийг Үндэсний статистикийн хороо Архивын тухай хуулийн 20.3, 20.4, 23.1.6-д заасны дагуу байгууллагын архивт хадгалж, мөн хуулийн 23.1-д заасны дагуу төрийн төв архивт шилжүүлнэ.

 

 

18.3.Үндэсний статистикийн хорооноос нийтэд ашиглуулах зорилгоор албан ёсоор боловсруулан нэгтгэснээс бусад хэлбэрээр хувь хүний холбогдолтой тооллогын мэдээллийг бусдад ашиглуулах, задруулахыг хориглоно.

 

 

18.4.Тооллогын мэдээлэл цуглуулах, боловсруулах, хадгалах, нийтэд мэдээлэхтэй холбогдсон журмыг Үндэсний статистикийн хорооны дарга батлана. 

 

Хэвлэх
 

19 дүгээр зүйл. Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

19.1.Тооллогын тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол дор дурдсан захиргааны шийтгэл ногдуулна:

 

19.1.1.энэ хуулийн 16.2.2-16.2.5-д заасан үүргээ биелүүлээгүй албан тушаалтныг шүүгч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

 

 

19.1.2.энэ хуулийн 17.1-д заасан үүргээ биелүүлээгүй иргэнийг статистикийн улсын байцаагч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

 

 

19.1.3.энэ хуулийн 18.1-д заасныг зөрчиж нууцлалыг задруулсан этгээдийг шүүгч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоогоос арван дөрөв хоног баривчлах;

 

 

19.1.4.энэ хуулийн 18.3-т заасныг зөрчсөн албан тушаалтныг шүүгч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоогоос арван дөрөв хоног баривчлах.        

 

Хэвлэх
 

           20 дугаар зүйл.Хуулийг дагаж мөрдөх

20.1.Энэ хуулийг 2008 оны 1 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

                       МОНГОЛ УЛСЫН                       ИХ ХУРЛЫН ДАРГА                                              Д.ЛҮНДЭЭЖАНЦАН


[1] Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн мэдээлэл эмхтгэл 1992 оны 1 дүгээрт хэвлэгдсэн.

[2] Статистикийн тухай хууль, Төрийн мэдээлэл эмхтгэлийн 1997 оны 7 дугаарт хэвлэгдсэн.

[3] Архивын тухай хууль, Төрийн мэдээлэл эмхтгэлийн 1998 оны 2 дугаарт хэвлэгдсэн.

[4] Байгууллагын нууцын тухай хууль, Төрийн мэдээлэл эмхтгэлийн 1995 оны 7 дугаарт хэвлэгдсэн.

[5] Хувь хүний нууцын тухай хууль, Төрийн мэдээлэл эмхтгэлийн 1995 оны 7 дугаарт хэвлэгдсэн .

Хэвлэх
 

 

 ХҮНСНИЙ ГОЛ НЭРИЙН БАРААНЫ ҮНЭ

2017.08.16 ны байдлаар  / төгрөг /

Гурил, I  зэрэг,             кг 1200
Хонины мах,               кг 5000
Үхрийн мах,                 кг 0
Ямааны ястай мах     кг

4800

Элсэн чихэр,                кг 2300
Цагаан будаа,             кг 2200
Шингэн сүү,                 л 1800
Ноолуурын үнэ            кг 60000
Бензин, А-80,              литр 1540
Бензин, А-92,              литр 1720
Дизелийн түлш,          литр 1750